мэдээлэл

 Сарнай цэцгийг тарьж ургуулах ажил бүр эрт дээр үеэс эхэлжээ. Хүмүүс үзэмжтэй сайхныг нь бодож тарималжуулсан анхны ургамал бол сарнай цэцэг байсан байж магадгүй гэдэг. Янз бүрийн хэлний яруу найрагчид сарнай цэцгийг мянга мянган жилийн турш магтан дуулсан тухай эртний олон домог, туульс ч бий. Эртний египетчүүд, еврейчүүд сарнай цэцгийг мэддэггүй байжээ. Соломон “дууны дуулал” номдоо “Сароны сарнайн” тухай өгүүлсэн боловч тэр нь библи зохиогчдын алдаа байсныг аль эрт тогтоосон байдаг. Энд сарнайн тухай биш, харин сараанын тухай өгүүлсэн байдаг.
Түүхэн мэдээ баримтаас үзвэл, сарнай цэцэг тарих ажил бүр эртний Перст (Иран) бий болж тэндээс грек рүү дамжсан байна.
Бүр эртний Иранд “сарнайд сэтгэл алдарсан алтан гургалдай” гэсэн яруу сайхан дүрслэл гарсан байдаг.
Эртний грекчүүд баяр ёслолын үеэр орон байр, орд харш, бурхадын барималыг сарнай цэцгийн хэлхээгээр чимж, найрын ширээний ард суухдаа ч сарнай цэцгэн даруулга өмсдөг байжээ. Сарнай цэцгэн даруулгыг ялагч баатрууддаа өмсгөж, гэрлэгсдийг сарнай цэцгээр гоёж, нас барагсад, оршуулгын чулууг сарнай цэцгээр хучдаг байжээ. Эртний Рим улсад зуны эхээр ханш нээх өдөр сарнай цэцгийн өдөр” гэж зохиодог байж.
“Би чамд сарнай бариад хэлж байна” гэсэн латин хэллэг нь “би чамд нууцхан хэлэхэд” гэсэн утгатай аж. Римийн гэрийн эзэд найз нөхдөө урьж нууцхан цайллага хийхдээ ширээн дээрээ цагаан сарнай мөчир дүүжилдэг байжээ. Энэ нь “бид энд илэн далангүй ярилцана, харин бусад хүмүүст нууц. Нууц задалж болохгүй” гэсэн дохио болдог байж.
Римийн эзэнт улсын сүүлчээр баяр ёслол хийхдээ билэгдэлийн үүднээс бус, зүгээр гоёл чимэглэлийн зорилгоор үй түмэн сарнай хэрэглэдэг байв. Нерон хааны ордонд нэгэн найр болоход мянган зочдын дээрээс сарнай цэцгийн дэлбийг бороо шиг цацаж байв. Энэ ажилд Нерон рублиэр бодвол 45 мянган алтан рубль төлсөн гэдэг мэдээ бий. Тэр их сарнайг далайн цаанаас, Африкийн хойт нутгаас авч ирдэг байжээ. Энэ их ажлыг авьяас чадвартай олон боол гүйцэтгэдэг байв.
Эзэн хаан Гелиогабал өөртөө сэжигтэй нууц дайснаа зайлуулахын тулд ийм сарнайгаар хур буулгадаг байжээ. Тэд нарыг их найранд суулгаж, үүд хаалгаа түгжиж тасалгаа дүүрэн сарнай асгадаг байна. Анхилуун үнэрт зөөлөн цэцгийн овоолгонд дарагдсан зочид тухайн үед бүтэж үхдэг байжээ.
Зочдоо ингэж устгахын тулд сарнай цэцэг хэрэглэнэ гэж одоо хэний ч толгойд буухгүй биз ээ.
Мөн Болгар улс, Балканын өмнөд энгэрээр байрлах “Сарнайн хөндий”-гөөс дэлхийн зах зээлд 20тонн сарнай цэцгийн тос гарган нийлүүлдэг байна. Тэр тосыг Казанлык сарнайн цэцгээс ялган авдаг юм. нэг килограмм тос авахын тулд 500 килограмм цэцэг хэрэглэдэг.
Үүнийг болгарын сарнайн ургац ачааны 1000 вагонд ачихад арай л гэж багтдаг байна.
Хаант засгийн үед Орос оронд сарнайн тос оруулдаг гадаадын пүүс, хоршоод их мөнгө төлдөг байсан. Харин одоо өмнөд нутаг болох Крым, Дунд Ази, Кавказад баялаг ургацтай казанлыкын сарнай тариалах аж ахуйтай болсон. Ургамал судлаачдын тоолсноор зэрлэг сарнайн зүйл зуу гаруй байна. Үүний нэгд нохойн хошуу ч багтдаг байна. Бүх зэрлэг сарнай, нохойн хошууны нэг адил цөөн дэлбэтэй байдаг. Цэцэг нь нэгээрээ том эсвэл бөөн жижигхэн, улбар, ягаан, хурц ягаан, цайвар шар, цагаан гэх мэт янз бүрийн өнгөтэй байдаг. Зэрлэг сарнайн зарим нь ороомог хэлбэртэй ургадаг.Холбоот улсын өмнөд муж , Крымд ямар нэгэн намхан мод, сөөгийг ороосон сарнайн цэцэг түүнийг битүү хучсан сонин байдал харагддаг. Зарим ургамал судлаач, эрдэмтэд “ороодог” гэдэгтэй санал нийлдэггүй. Сарнай бол өөрийнхөө ишээр ороодоггүй, харин доошоо махир өргөсөөрөө түшиг тулгуурт асч ургадаг аж. Бүх л сарнайг өргөстэй мэтээр ойлгодог. Тэгвэл маш жижиг өргөстэй эсвэл, огт өргөсгүй сарнай байдаг.
Сарнай бол орчин тойрноо гэлгүй, зөвхөн өөрийн жамаар ургадаг. Сарнайн анхилам, сайхан цэцэг хүний төлөө биш харин цэцгээс цэцгэнд, бутнаас бутанд дамжин тоос тараадаг шавьж , эрвээхэйг дууддаг аж. Зөгий, хэдгэнэ ялаа, эрвээхэй бүгдээрээ амтат балыг дусал дуслаар цуглуулахдаа, өөрсдөө мэдэлгүй, цэцгийн хооронд холбоо барьдаг юм.
Харин цэцгийн голд шигдсэн гялгар ногоон цох бол тоос зөөдөг боловч, түүнээс илүү хөнөөл учруулж, цэцгийн бүх дохиур, дэлбэ, үр боловсрох орныг мэрж иддэг байна. Сарнай цэцэг бусад ургамлын нэгэн адил үр төлөө хол тараана. Шувуу жимсийг тоншиж, зөөлөн эд нь хоол тэжээл болж, самранцар жимс нь огт гэмтэлгүй шувууны гэдсээр дамжиж, хаа нэгтээ ялгадсын хамт газар унадаг байна. Энд л тэрхүү үр нь ургаж, навч цэцгээ дэлгэн амьдарч, гоё сайхнаа үзүүлэн, анхилуун үнэр түгээж, үр төлөө гаргана.
Цэцэрлэгийн сарнай тарьж ургуулахад зориулсан тэр их хөдөлмөр, тэр их зардлыг тооцож үзвэл үнэхээр гайхмаар үр дүн гардаг. Крымд, Никитийн ботаник цэцэрлэгт тарьж байсан сарнайн сортуудын жагсаалтыг үзэхэд 2000 гаруй сорт байсан. Энэ бүхнийг, нэгдүгээрт, зэрлэг сарнайг сайжруулах, тэдгээрийг цэцэрлэгийн нөхцөлд удмаас удам дамжуулан бойжуулах, илүү сайхныг нь сонгож авах замаар ургуулдаг. Хоёрдугаарт, эвцэлдүүлэх буюу янз бүрийн сортуудаас эрлийз гарган авах замаар бий болгожээ. Хамгийн сайн сорт нь манай уур амьсгалд бээрч, турьгүй болж аяндаа ургах нь бүү хэл, байнгын арчилгаа тордолгоонд ч олигтой амьдарч чаддаггүй байна. Тэгвэл тэд халуун орны мөнхийн зунд тааваараа ургадаг уу гэвэл огт үгүй. Жишээ нь, Ява арал дээр Бьютензоргед, халуун орны ботаник цэцэрлэгт, халуун орны гайхамшигт ургамлын дунд сарнай тарьжээ. Умар зүгийн хөөрхий тэд хатаж үрчийгээд халуун чийглэг агаарт бачуудан, цэцэг нь огт үнэргүй болсон байна. Харин өмнөд Крым, Кавказ, францын өмнөд хэсэг, Италийн хотуудад сарнай ургах хамгийн тааламжтай газар болдог.
Цэцэрлэгчид сарнайн шинэ, шинэ сорт гаргах гэж мэрийсээр байна. Эртнээс л хар өнгөтэй сарнай цэцгийг гаргах гэж оролдсоор ирсэн. Харин цэцэрлэгчдийн ургуулж байгаа сарнайн баргар улаан цэцэг, оройн бүрэнхийд үнэхээр хар юм шиг харагддаг.
Мөн хөх сарнайг ургуулах нь цэцэрлэгчдийн мөрөөдөл байж. Гётегийн санаачлагаар хөх өнгийн шилтэй хүлэмжид сарнай ургуулж байв. Энэ нь сарнайн цэцгэнд хөх туяа суулгах боловч жинхэнэ хөх юм уу цэнхэр сарнайг хэн ч ургуулж чадсангүй. Ургамал судлаачдын үзэж буйгаар энэ бол үл бүтэх зүйл байсан. Сарнай бол яагаад ч цэнхэр цэцэг гаргах чадваргүй ургамал юм. Харин ногоон цэцэгтэй сарнай ховор боловч цэцэрлэгчдийн анхаарлыг татаагүй юм.
Цэцэрлэгчийн аж ахуйн амжилтад хүрсэн нэгэн шинэ зүйл бол “мөнх цэцэглэдэг” жижигхэн цэцэгтэй ороож ургадаг сарнай юм. Энэ нь үнэхээр “мөнх” биш гэхэд хавар эртээс намар орой болтол цэцэглэдэг байна.
Жижиг цэцэгтэй ороодог сарнай Европт балар эртнээс ургаж байсан. Зарим нь их урт настай байдаг.
Өнөөдрийн байдлаар Германы Гильдесгейм гэдэг жижигхэн хотод найман зуугаас доошгүй, бас мянган жилийн настай (буржгар бус) сарнай ургаж байна. Энэ “хөгшин бут” жил бүр их биш ч гэсэн, цэцэглэсээр байгаа. Бидний элэнц эхийн хуланц эмээ төрөөгүй байхад хэдэн зуун жилийн настай байсан байна. Уулын спорт ер хөгжөөгүй байсан үед өндөр уулнаас тагын сарнай буюу “өргөсгүй сарнай”-г олох нь мөрөөдөл хүслийн билэгдэл байсан бол өдгөө хэдэн мянган жилийн түүхтэй сарнайг ч олж тогтоосон нь ургамал судлаачдын бахархал болж байна.

No comments:

Post a Comment